Тэнгэрийн хүлэг

9/29/2020 10:34:36 PM

"Домогт хүлэг"

Нар мандаж наадам эхэллээ.

Богд уулын энгэрт Бор үзүүрийн дэнжид цэлийсэн талд нүд эрээлж сэтгэл хурайлам эрээн майхнууд үзэгдэнэ. Энэ жил Төв аймаг байгуулагдсаны түүхт 80н жилийн ой тохиож байгаа нь энэ. Урьд урьдын жилүүдээс их хүн цуглажээ. Хаа саагүй л машин мотоцикл хөлхөлдөж холхилдоод морьтой хүмүүс давхилдаад газрын цэцэг үү гэж тэнгэрээс харагдмаар хачин гоёсон хүүхнүүд гунхаад л өнгө алагласан миний нутгийн наадам эхэллээ.

Урьд шөнө нь морь манаад хоночихсон би азарга ирлээ гэх чимээнд их л дурамжхан ч горьдлого ихт ганцыгаа тосохоор эмээлтэй үүрсэх аргамаг руу эвшээн эвшээн алхлаа. Адуунаас нь бариад удаагүй ааг омог нь багтаж ядсан зооных нь сор гялтганаж дэлийг  нь шугам шиг зассан хонгор халзан морь минь газар цавчлан амгай шаржигнуулж мөнгөн хазаарын товрууг уначихвий гэмээр толгой хаялан ялаархана. Тургихад нь монгол үнэртэж туурайнаас нь гал бутардаг гурван сумын хооронд жолоо таталгүй жороолдог Гарьд халзан морийг минь харсан хүний харц тогтохгүй өнгөрч байсан удаагүй. Унага байдгийн урдуур умс байдгийн ардуур дөнжин үхрийн ширийг дөрөв нарийлж зүсээд дөрвөөр дарж сүлжсэн олом жирэм хоёрыг огтлолцуулан татаж чангалаад бүдэрвэл унахгүй булгивал салахгүй болоод би мордоход бэлэн боллоо. Дөрвөн үе дамжсан 10лангийн мөнгөн эмээлийн ган дөрөөнд аавын минь надад зориулж харийн хүнд захиж авчруулсан орос хромын ул хүрэв үү үгүй юу багаас сурсан зангаар буруу урд талын ганзага татаж сэп хийтэл мордоход Хан уулынхаа ард дээр гараад мордчихсон юм шиг сэтгэл төрсөнсөн. Би хаачхаа уул нь хэлээгүй л юмсан. Гарьд өөрийн мэдэлгүй л барианы газар луу алхална. Тэр мэддэг ч байж магадгүй. Адуу их ухаантай амьтан. Надаас өөр хүнд баригддаггүй барилаа ч унадаггүй гээд сэтэртэй юм уу эвэртэй юм уу их зөрүүд мал, адуу эзэн хоёр ижлээ олчихсон гээд аав нэг их ёозгүй хэлдэгсэн. Намайг ийн элдвийг бодон гэлдрүүлж явтал индрийн чанга яригчаар морь зарлаж байна. Тэрийг сонсох гээд чих тавин чимээ чагнан ихэд хичээж явтал хар гүйхээрээ хажууд ирэн мориныхоо амыг угзчин зогсоох бүлэмцүү эр мэнд мэдэхийн завдалгүй "За хө удам сайтай уяач

Унаа сайтай адуучин залуу хаа хүрэх нь вэ дээ" гэж ёжлонгүй асуух нь надад таалагдсангүй ч ёсыг бодож насыг нь хүндлээд " Найр эхлээгүй Наадам дундраагүй байхад яасан эрт болио вэ та Азарга ирж байна гэнэ. Алаг азаргаа тосъё доо арай горьдлого их нь юм даа" гэхэд " Моньд минь сүргийн чинь заяа гомдоно. Халх дөрөв шавь тавд алдартай Хурцын хурдан шаргын удмыг захаас нь барьж уяад засгийн наадамд айрагдуулах ёстой байтал битгий буянаа бараад бай. Алаг чинь аятайхан л юм байгааз адуу минь бүгдээрээ сайхаан гэж бай. Ах нь харин наад хонгор халзанг чинь арван саяар авъя" гэхэд надад бүр тавгүй санагдаж үг эвлэж хоолой гарч өгсөнгүй тул "Би явлаа азарга хошуу ороогоод ирж явна" гээд давхиж одов. Газар газраас цугласан түмэн эхүүд газрын холыг хороосоор барианы газраас бараатай үзэгдэхэд наадамчин олон шаагилдан байх нь хамар шархирч хоолой зангирмаар монголын их амар амгалан дуусашгүй их омогшил ч юм шиг. Морь тосохоор мордоход аавын хэлсэн үг бодогдоод болдоггүй. " Энэ жил би онгирох гавьяатай хүн. Тархины арван моринд азарга минь ирдэггүй юм бол түргэний машинаас хүүхдээ хайна даа" гэж онгирч явсан хэлснээр нь болчих юм биш байгаа даа гэж битүүхэн айж байлаа. Гэтэл морь ирээд бараг дуусч сүүлийн азарганууд дөнгөн данган ергөн цогин орж ирж байхад алаг минь байдаггүй. Морины комиссын гэрээс очиж хүүхдийнхээ номерыг хэлээд асуутал түргэнээр тийм хүүхэд ирээгүй гэж хэлэхэд нь дотор харанхуйлаад явчихлаа. Бид ч цагдаа эмнэлэг цэргүүд гээд асууж лавлаагүй газаргүй гэтэл хүүхэд морь хоёр хоёулаа олддоггүй. Үдийн хэрд аавын утас руу танихгүй дугаар дуудлага хийх нь Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Чүлтэмийн гадаа азарга чинь уяатай байнаа ирж ав гэх нь тэр. Хүүхэд нь ашгүй зүгээр гэнэ. Тэр айл энэ жил Бөхөгийн голд зусаж байгаа гэнэ. Тэр нь аймгийн төвөөс 50км зайтай. Яаж яваад тийм газар оччихдог байнаа гээд гайхаад гайхаад хариулт олсонгүй. Бид ч аль болох тэр газар луу яаран яаран очихоор боллоо уралдаан хүүхэд минь айж бас зутарч байгаа гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байсан учир ачааны машин хүлээх завдал олголгүй "та нар жижиг тэрэгтэйгээ яв. Би морьтойгоо очоод хөтлөөд ирье гээд хэлчихлээ." Тэр дорхноо бүгд дэмжиж цагийн газрыг минутаар минутын газрыг секундээр туулахаар жалга дов хамаагүй жолоо татаж эрч сааралгүй харвуулж гарлаа. Чүлтэм гуайн гадаа би нээх ч удалгүй цаг гаран давхиад л хүрээд ирлээ. Ижлээ таньж алаг минь үүрсэж уяа авчих нь холгүй цоройн цовхчиж байхад халзан минь аанай л хөгшин морины хал үзсэн буйртай зангаар хавчиг азарганы авиргүй аашлахыг тоосонгүй. Энэ алаг азарга хэдэн үеийн удмаараа их ааш муутай. Даага шүдлэн байхад нь би өөрөө унадаг байсан болохоор тэрийг сайн мэднэ. Өнөөдөр морьд эргэж уралдааны замд гарахад бяцхан унаач минь амыг нь дийлж эргүүлэлгүй тэр чигээрээ давхичхаж. Азаар яаж унаж бэртсэнгүй вэ гэж бодон Чүлтэм гуайтай элдвийг ярин байхад Гарьд халзан минь хөх мах нь чичирч хөлс газар тусалж байсныг би анзаарлаа. Амьсгаа нь ойр ойрхон оволзож бүрээ шиг хамар нь задрах нь холгүй нүд нь бүлтэлзэж харц нь тогтохгүй амьсгалах бүрдээ гэдсээ татан тасрах нь уу гэлтэй байгааг нь улам бүр мэдэгдэнэ. Тэр дэлсчхэж. Хоол багатай хоносон болохоор морь минь ийм хол ирэхдээ сүүлийн хүчээ шавхан давхиж тамираа тасартал яваад ирж. Одоо яах билээ гэж сандран байхад минь хажууд минь ингэ тэг гээд хэлчих хүн байсангүй. Уяа тойруулж жоохон алхууллаа арай дээрдэх шинжтэй. Ашгүй аав ч унаачаа авахаар жижиг тэрэгтэйгээ ирлээ. Учир байдлыг хэлтэл халзан нь юм чинь гайгүй байхаа миний хүү. Азаргаа хөтлөөд гэр лүүгээ гэлдэрчих. Айлын гадаа бужигнаад яахав гэлээ. Хөөрхий дөө би ч хөгшин морио өрөвдөн гэлдрүүлж явахад талын салхи шиг сэрвэгэр алхаа нь унжуу ноомой үхэр шиг дэрвэсэн туг шиг гэдгэр толгой нь унжуу дорой болсныг анзаарлаа. Алаг Гарьд бид 3 гэлдэрсээр орой харуй бүрийд гэртээ ирцгээлээ. Өдөржин наранд сажилж алхсанаас тэрүү миний толгой өвдөж бие сульдаж ээ. Ээжийн хийж өгсөн аяга гурилтай шөлийг амтархан идчихээд амсхийн хэвтэж байтал унтаад өгч. Ээжийг хөнжил хучин нөмрүүлэхэд л цочин сэрлээ. Цочсондоо ухасхийн босоод суутал ээж ч бас цочин миний хүү унт унт аав чинь чамайг өнөөдөртөө амарч байг гээд морьдоо аваад явсаан хол явсан байх миний хүү тайван унт унт гэлээ. Би ч угаасаа л нойронд харам юм болохоор юу ч хэлэлгүй эргээд хэвттэл нэг мэдсэн өглөө болчхож. Шувууд жиргээд л хүүхдүүд шаагилдаад л гэрт гадаагүй хүмүүсийн яриа шивэр авир гэж юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй ч зогсоо зайгүй ам нийлэн буу халцгаана. Нойроо арай ядан дийлж нүдээ нээж өндийж босоогүй ч чихээ сайтар дэлдийлгэн хүмүүсийн яриаг сонсохыг хичээтэл гэрт ээж аав хоёроос өөр хүн үгүй бололтой. "За одоо тэгээд хүүхдэдээ юу гэж хэлдэг билээ дээ яадаг билээ" гэж ээжийг санаа алдан сандран хэлэхэд аав "Хайранч сайхан морь" гэж халаглана. Би юу яриад байгааг нь ойлгохгүй гадарлах ч үгүй байсан тул өндийн сугаа ханзартал суниаж аваад "морьдын хоол сайхан таарав уу" гэтэл аав "таарлаа хүү минь таарлаа" гээд уртаар санаа алдахад нь нэг л таагүй мэдрэмж төрж "хонгор халзан минь яаж байна?" гэхэд " Гарьд нь ирээгүй ээ хүү минь аав нь чадсангүй яаж ч чадсангүй" гэж амьдралын хатууд илэгдэж нар салхинд борлосон хацар дээгүүр нь хааяахан хэрнээ үнэн урсдаг нулимс бөнжигнөн ганц нэгээр урсаж эхлэх нь тэр. Гар салгалж хөл гуйваад босгонд бүдэрч тотго мөргөх нь хөлгүй ухаан жолоогүй амьтан нулимс цийлгэнэн гэрээс гарч уяан дээрх морьдыг нүд гүйлгэн бүртгэлээ. Ганцхан тэр минь л алга. Ижил сүрэг шиг ижий ааваас минь унасан төрсөн ах дүү шиг байдаг Гарьд минь л алга. Өөрийн мэдэлгүй сөхрөн унахад аав түшин босгож "Хүү минь гарз л гараа биз эр хүн байж бос баяр ёслол болж байна битгий усан нүдлээд бай" гэж зэмлэх нь тэр. "Гарз нь гарз маш том гарз. Бурхан надаас булаачихлаа ааваа" гээд хэлчихмээр байсан ч хоолой зангирч нулимс цийлгэнэчхээд үг гарч өгсөнгүй. Тэнгэрийн оронд нэгэн баатар эрд сайн хүлэг хэрэг болсон юм байлгүй дээ Гарьд минь нойрсдоо чи минь тайван нойрс. Эргээд наддаа унага болж төрөхдөө энэ л зүсээрээ ижил сүрэг минь босоо мэндлээрэй.


Сэтгэгдэл оруулах